ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХИЙН ХАРЬЯАЛЛЫН БУС НЭХЭМЖЛЭЛИЙГ ХҮЛЭЭН АВАХААС ТАТГАЛЗАНА
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүхийн шийдвэрийн дугаар: 111/Ш32023/0400
Процессын тоймын дугаар огноо: 01, 2024.04.17
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: ”Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
Эрх бүхий албан тушаалтнаас Д. Э-г Баянхонгор аймгийн 2023 оны цэргийн бүртгэлийн журам зөрчсөн, бүртгэл завсардуулсан, бүртгэлд хамрагдаагүй” гэх зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, шийтгэлийн хуудсаар холбогдогчид Зөрчлийн тухай хуульд зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж, Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Б-ээс Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабын дарга Г.Н-д холбогдуулан “Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабын дарга Г.Н-ын гаргасан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий дүгнэлтийг ирүүлжээ.
Зөрчлийн тухай хуульд эрх бүхий албан тушаалтан нь Цэргийн албаны тухай хууль зөрчсөн бол шийтгэл оногдуулна гэж заажээ.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд Эрх бүхий албан тушаалтан болох аймаг, нийслэл, дүүргийн цэргийн штабын даргын оногдуулсан шийдвэрт прокурор дүгнэлт гаргасан бол Эрүүгийн хэргийн шүүх нь анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасан байна.
Эрх бүхий албан тушаалтан болох аймаг, нийслэл, дүүргийн цэргийн штабын даргын оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах асуудал нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй байх тул “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн үндэслэлээр Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Б-ээс Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын цэргийн штабын дарга Г.Н-д холбогдуулан гаргасан дүгнэлтийг хүлээн авч шийдвэрлээгүй болно.
Хэрэг хянан шийдвэрлэх явцад гарсан шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн цахим санд байршуулахгүй байх журамтай тул энэ шүүгчийн захирамжийг бүрэн эхээр үзэх боломжгүй болно.
Тоймыг бэлтгэсэн: Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сайнбилэг
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.