ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭЖ БАЙГАА ИРГЭН ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧТАЙ АДИЛ ХУГАЦААГҮЙГЭЭР ТОМИЛОГДОХ ЭРХГҮЙ
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүхийн шийдвэрийн дугаар: 111/ШШ2023/0048
Шийдвэрийн тоймын дугаар огноо: 01, 2024.04.17
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: ”Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
Нэхэмжлэгч: Н нь шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүгчийн туслахын албан тушаалыг түр орлон гүйцэтгэж байсан бөгөөд жирэмсний амралтын чөлөө аваад түр орлон гүйцэтгэж байсан албан тушаалдаа эргэн орохоор шүүхийн тамгын газарт өргөдөл гаргасан байна. Шүүхийн тамгын газар уг албан тушаалд буцаан томилоогүй байх бөгөөд нэхэмжлэгч Н нь захиргааны хэргийн шүүхэд Баянхонгор аймгийн шүүхийн тамгын газрын даргын ”Н -ийг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч маргахдаа би түр орон тоонд ажиллаж байгаагүй бөгөөд төрийн албан хаагч, төрийн албан хаагчийг хугацаа заахгүйгээр албан тушаалд томилдог, тийм учраас би ажиллаж байсан албан тушаалдаа эргүүлэн томилогдох ёстой. Тамгын газрын дарга намайг чөлөөлсөн нь буруу юм. Мөн би Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 3 хүртэл настай хүүхэдтэй тул ажилдаа эргэн орох эрхтэй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Шүүх, нэхэмжлэгчийг шүүх хуралдааны нарийн бичгийн даргын орон тоонд ажилд авахдаа сул орон тоо нөхөгдөх хүртэл, шүүгчийн туслахын орон тоонд ажиллуулахдаа шүүгчийн туслах О-г жирэмсний амралттай байх хугацаанд ажиллуулна гэж тушаалдаа заан ажилд авсан байх бөгөөд сул орон тоо нөхөгдсөн, жирэмсний амралттай байсан төрийн жинхэнэ албан хаагч ажилдаа эргэн орсон байх тул түр ажиллаж байсан нэхэмжлэгчийг ажиллуулах хуульд заасан үндэслэл байхгүй байна гэж үзсэн байна.
Нэхэмжлэгч нь төрийн албанд түр томилогдон ажиллаж байсан бөгөөд төрийн албаны тухай хуульд заасан сонгон шалгаруулалтад орж тэнцээгүй,төрийн жинхэнэ албан хаагч биш байх тул хугацаа заахгүйгээр төрийн албанд томилогдохгүй, сул орон тоо хуулийн дагуу нөхөгдсөн ,төрийн жинхэнэ албан хаагч эргэн ажилдаа орсноор түүний төрийн албанд ажиллах хугацаа дуусна гэж үзсэн болно.
Хэдийгээр нэхэмжлэгч 3 хүртэл настай хүүхэдтэй боловч сул орон тоог нөхөгдөх хүртэл, төрийн жинхэнэ албан хаагч ажилдаа эргэн орох хүртэл гэж тодорхой болзол, хугацаа заан томилогдон ажиллаж байсан тул сул орон тоо нөхөгдсөн ,төрийн жинхэнэ албан хаагчийн чөлөөний хугацаа дууссан ,төрийн албан хаагчийг ажил, албан тушаалд нь эргүүлэн авсантай холбоотойгоор түр ажиллаж байсан нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь хөдөлмөрийн хууль зөрчөөгүй байх бөгөөд 3 хүртэл насны хүүхэдтэй эхийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохгүй, ажлаас чөлөөлөхгүй байх үндэслэлд хамаарахгүй гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Тоймыг бэлтгэсэн: Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сайнбилэг
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.