ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАН НЬ ХУУЛИАР ОЛГОГДСОН ЭРХ ХЭМЖЭЭГЭЭ ХЭТРҮҮЛЭН , ЗАХИРГААНЫ АКТ ГАРГАХ ЭРХГҮЙ

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх

Шүүхийн шийдвэрийн дугаар: 111/ШШ2023/0152

Шийдвэрийн тоймын дугаар, огноо: 02, 2024.04.30

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: ”Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Нэхэмжлэгч: “Э“ ХХК нь Баянхонгор аймгийн “Ш” сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдуулан “Сумын нутаг дэвсгэрт үүсээд байгаа онцгой нөхцөл байдлыг зохицуулах” тухай тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан байна.

Маргаж буй тогтоолын 1-д Нутгийн өөрөө удирдлага нь тухайн нэгжид оршин суугаа иргэдийн хүсэл зоригийг илэрхийлж иргэдийн саналыг харгалзан үздэг байх зарчмыг үндэслэн тус сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “Э” ХХК-ийн “үйл ажиллагааг зогсоосугай” гэж шийдвэрлэсэн байна.

“Э” компаниас “... хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоох эрх хэмжээ сумын ИТХ-д олгогдоогүй” гэж, хариуцагч “... манай суманд тус компани хайгуулын тусгай зөвшөөрөлтэйгөөр хайгуул хийсэн, одоо ашиглалтын тусгай зөвшөөрлөөр ашигт малтмал олборлох гэж байгаа юм.Ашигт малтмал олборлоод ирэх юм бол дараа дараачийн олон компаниуд манай нутагт уул уурхай ажиллуулж, ашигт малтмал олборлоно, тэгээд манай малчид болон мал сүрэг уул уурхайн хөлд дарагдаж байгалийн байдал муудна” гэж маргажээ.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Учир нь нэхэмжлэгч компанийн үйл ажиллагааг зогсоох, явуулахгүй байх зэрэг нь Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулагдана. Уг хуульд компанийн ашиглалтын үйл ажиллагааг сумын Иргэдийн хурал зогсоох талаар бүрэн эрхийг зааж өгөөгүй, харин ашиглалтын үйл ажиллагааг зогсоох тухай эрх хэмжээг хуулиар Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад олгожээ.

Иймд Иргэдийн хурал нь өөрт олгогдоогүй эрх хэмжээний хүрээнд эрх мэдлээ хэтрүүлэн илт хууль бус захиргааны акт гаргасан байна.

Тоймыг бэлтгэсэн: Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сайнбилэг

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.