ЗАХИРГААНЫ АКТЫН БИЕЛЭЛТИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ХҮСЭЛТ ГАРГАХДАА ХҮСЭЛТИЙН ҮНДЭСЛЭЛЭЭ НОТЛОХ ҮҮРЭГТЭЙ

Баянхонгор аймаг дахь захиргааны хэргийн шүүх

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2022.11.02 111/ШЗ2022/0229

Процессын тоймын дугаар, огноо: 02, 2024.04.30

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: "Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Нэхэмжлэгч “Н-ээс “Баянхонгор аймгийн ... тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан .Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь “миний газар эзэмших эрхийг зөрчиж, орон нутгийн эзэмшилд шилжүүлсэн газрыг иргэн ,хуулийн этгээдэд эзэмшүүлэх гээд байгаа учир дээрх тогтоолын биелэлтийг захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлж өгнө үү” гэжээ.

Шүүхээс уг хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Учир нь нэхэмжлэгчийн маргаж буй газар нь одоогоор орон нутгийн эзэмшилд байгаа бөгөөд уг газарт иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тохиолдолд газрын тухай хуульд зааснаар тухайн газрыг бусдад эзэмшүүлэхээр эсвэл дуудлага худалдаанд оруулахаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж, улмаар дуудлага худалдаа зохион байгуулагдах ёстой, маргаан бүхий газарт дээрх ажиллагаанууд хийгдсэн эсэх талаар шүүхээс тодруулахад тайлбар хийгээгүй, үүнтэй холбоотойгоор нотлох баримт гаргаж өгөөгүй, хүсэлтийн үндэслэлээ нотлоогүй болно.

Захиргааны актын биелэлтийг нь түдгэлзүүлэхдээ хэн нэгний зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээх зорилгогүй, харин шүүхээр маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэл эрхийн түр хамгаалалтыг бий болгодог. Маргаан бүхий актыг түдгэлзүүлснээр холбогдох захиргааны хэргийг шүүхээс эцэслэн шийдвэрлэх хугацаанд маргаан бүхий актын үйлчлэл түр зогсдог.

Иймд нэхэмжлэгч талын гаргасан тайлбараас харахад уг тогтоолыг түдгэлзүүлэхэд шаардлагатай онцгой нөхцөл бүрдсэн гэж үзэх боломжгүй, шалтгаант холбоо байхгүй учир урьдчилсан, түр хамгаалалт шаардлагагүй гэж үзэв.

Тоймыг бэлтгэсэн: Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сайнбилэг

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.