ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2018-01-22 12:32:54 | 143
Баянхонгор аймгийн хэмжээнд 2018 онд Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр нийт 203 иргэн сонгогдсон байна. Өвөлжилтийн байдал цас зудтай байгаа зэргээс шалтгаалан шүүхэд иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд зориулсан сургалтыг бүсчилж зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд эхний ээлжийн сургалтыг 2018 оны 01 сарын 19-ний өдрийн 10:00 цагт Баянхонгор аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгууллаа.
Тус сургалтанд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1,2,3,4,5,6,7,9 дүгээр баг болон Баян-Овоо, Бөмбөгөр, Богд, Өлзийт, Баацагаан сумдаас шүүхэд иргэдийн төлөөлөгчөөр оролцохоор сонгогдсон иргэдийг хамруулан бүсчилж зохион байгууллаа. Баянхонгор аймаг дахь Шүүхүүдийн танилцуулга, Шүүхийн шинэтгэл, түүний үр дүнгийн талаар Шүүхийн тамгын газрын дарга М.Майжаргал, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах журмын талаар шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ж.Энхбат, Иргэдийн төлөөлөгчийн хөлс, урамшуулалын талаар шүүхийн нягтлан бодогч Б.Мөнхзул, Баянхонгор аймаг дахь шүүхүүдийн2017 оны шүүн таслах ажиллагааны талаарх мэдээ, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцох оролцооны талаар мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Чулуунчимэг нар тус тус сургалт явууллаа.
Сургалтын төгсгөлд иргэдээс өөрсдийн сонирхсон асуултандаа хариулт авч чөлөөт ярилцлага өрнүүлж мөн шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцооны талаарх богино хэмжээний киног үзүүллээ.Иргэний үүргээ биелүүлж сургалтанд хамрагдсан Шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт амжилт хүссэнээр энэ удаагийн сургалт өндөрлөсөн юм.