ХАРЬЯАЛЛЫН БУС НЭХЭМЖЛЭЛИЙГ ХҮЛЭЭН АВАХААС ТАТГАЛЗАНА
2026-02-11 00:00:00 | 99Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Шүүгчийн захирамж: 111/ШЗ2025/0301
Процессын тоймын дугаар, огноо: №01, 2026.02.11
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
Иргэн Б нь Б аймгийн Б сумын Засаг даргад холбогдуулан Б сумын Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн "Соёлын төвийн дарга Б-г үүрэгт ажлаас чөлөөлөх тухай" Б/33 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх нэхэмжлэл гаргасан.
Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж заасан бөгөөд төрийн үйлчилгээний албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажил эрхэлдэг.
Тиймээс төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчдын хөдөлмөрийн маргааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэлээр Иргэний хэргийн шүүх хүлээн авч шийдвэрлэнэ.
Иймд дээрх нэхэмжлэл нь Захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй байх тул “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн үндэслэлээр Б-н гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан болно.
Тоймыг бэлтгэсэн: Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сувдмаа