-1

ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХ, ЗОХИХ ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ӨВӨЛЖӨӨ, ХАВАРЖААНЫ ГАЗАР ЭЗЭМШИХ БОЛОМЖГҮЙ

2023-11-21 07:06:48    |   31

Шийдвэрийн огноо, дугаар: 2023.05.05-ны өдрийн 131/ШШ2023/00412


Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон


Тоймын дугаар, огноо: №7, 2023.11.21


Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

 

Иргэн М нь сувилагчийн ажлаас үндэслэлгүй халсан, мэргэжлээ дээшлүүлэх, давтан сурах боломжит хугацааг олгоогүй буруутай гэж \"Б” өрхийн эмнэлэгт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Хариуцагч \"Б” өрхийн эмнэлэг нэхэмжлэлийг эс зөвшөөрч, Эрүүл мэндийн байгууллагын хяналт үнэлгээгээр лаборант мэргэжилтэй М-ийг сувилагчаар ажиллуулсан зөрчил илэрсэн. М нь сувилагчаар ажиллах мэргэжлийн үйл ажиллагааны зөвшөөрөлгүй тул ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй, ямар мэргэжлээр суралцах нь хувь хүний асуудал гэж маргасан.

Хэрэгт авагдсан баримтаар, нэхэмжлэгч \"М” нь лаборант мэргэжилтэй бөгөөд \"Б” өрхийн эмнэлэгт 2020 оны 10 дугаар сараас хойш сувилагчаар ажилласан, сувилахуйн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй болох нь тогтоогдсон.

Эрүүл мэндийн тухай хуульд, Эмнэлгийн тусламж, үйлчилгээг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий эмнэлгийн мэргэжилтэн үзүүлэх бөгөөд зөвхөн зөвшөөрөл олгосон төрлөөр тусламж, үйлчилгээ үзүүлнэ. Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл нь эмчлэх, эм барих, сувилах, эх барих, сэргээн засах гэсэн төрөлтэй байна гэж заасан. /25.1, 25.2/

Шүүх нэхэмжлэгч \"М”-ийг сувилагчийн дипломын болон бакалаврын боловсрол эзэмшээгүй тул \"Б” өрхийн эмнэлэг нь \"М”-д сувилагчийн мэргэжил эзэмших, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах боломжит хугацааг олгох үүрэггүй, мэргэжлийн үйл ажиллагааны зөвшөөрөлтэй эрхлэх сувилагчийн ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/127327?daterange=2023-01-01%20-%202023-11-19&id=1&court_cat=1&bb=1

 

Тоймыг бэлтгэсэн: Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батдорж

. . .