-1

НЭХЭМЖЛЭГЧ ШҮҮХ ХУРАЛДААНД ХҮНДЭТГЭН ҮЗЭХ ШАЛТГААНГҮЙГЭЭР ИРЭЭГҮЙ БОЛ НЭХЭМЖЛЭЛИЙГ БУЦААНА

2023-11-20 03:42:18    |   30

Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: 2023.10.20-ны өдөр, 131/ШЗ2023/02208

 

Шүүгчийн захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон


Тоймын огноо, дугаар: 2023.11.20, Процессын хураангуй №02


Нэхэмжлэгч Л нь \"Гэрлэлт хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай” нэхэмжлэлийг гаргасныг 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Ийнхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамжийг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гаргаж, мөн өдөр хэргийн оролцогч нарт шүүх хуралдааны товыг хүргүүлсэн.

2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 14 цаг 30 минутын шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А, гуравдагч этгээд Э нараас хүсэлт гаргасныг хянан шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулсан.

Улмаар 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 10 цаг 00 минутад товлосон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А шүүх хуралдаан давхацсан гэх үндэслэлээр ирээгүй тул хүсэлт гаргагч талын шүүх хуралдаанд биечлэн оролцох эрх, талуудын шүүхийн өмнө эрх тэгш мэтгэлцэх зарчмыг хангах зорилгоор шүүх хуралдааныг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулж, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч дахин хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт \"...нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх, эсхүл нэхэмжлэлийг буцаана” гэж зохицуулсан. Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж оролцоогүй ба шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэв.


Санамж:Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхээс гарсан процессын ажиллагааг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.


Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шүүгчийн шийдвэрийг шүүхийн шийдвэрийн цахим санд байршуулахгүй байх журамтай тул энэ шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх боломжгүй болно.


Хураангуй бичсэн: Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батдорж


. . .