-1

УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫГ ИРГЭД ХЯЗГААРТАЙ АШИГЛАНА

2023-05-15 03:56:03    |   30

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх


Шүүхийн шийдвэрийн дугаар, огноо: 111/ШШ2019/0004, 2019.03.15


Шийдвэрийн тоймын дугаар, огноо: №5, 2023.05.15

 

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон


Санамж: \"Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”


Иргэн Г нь нэгэн сумын 1-р багт орших \"Жаахан дэл” нэртэй хаваржааны газрыг манайх 1997 оноос одоог хүртэл нийт 21 жил эзэмшиж, хашаа хороог барьж, газрын татварыг төлж ирсэн тул давуу эрхтэйгээр эзэмшинэ, гэтэл багийн иргэдийн Нийтийн Хурлаар иргэн Б-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль бус гэж маргасан.

Тэрээр Иргэдийн нийтийн хурлын тогтоолыг хүчингүй болгуулах, хаваржааны газрыг ашиглуулах гэрээ байгуулахыг аймгийн Их Богдын Байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаанд даалгах нэхэмжлэл гаргасан.

УИХ-ын 1996 оны тогтоолоор баталсан \"Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” 43 дугаар тогтоолоор тус сумын улсын тусгай хамгаалалттай газрын бүсийг тогтоосон бөгөөд энэ бүсэд маргаан бүхий хаваржааны газар нь хамаарагджээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Тусгай хамгаалалтын бүсийн газрыг тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор хуульд заасан журмын дагуу хүсэлт гаргасан иргэнд ашиглуулахаар заасан боловч нэхэмжлэгч Г нь энэхүү газраа эзэмших, ашиглах талаар эрх бүхий байгууллагад хандаж, амаар хэдэн удаа хэлсэн гэх боловч бичгээр нэг ч удаа хүсэлт гаргаж байгаагүй нь нотлогддог.

Тусгай хамгаалалтын газар нутгийн бүсийн газрыг иргэдэд эзэмшүүлэхгүй, харин Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар иргэд газрыг ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа эсвэл сумын Засаг даргад гаргаж, улмаар хүсэлтийг төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэдэг.

Энэ тохиолдолд иргэн Г хаваржааны газраа ашиглах тухай хүсэлтийг сумын Засаг даргад бичгээр гаргаж, хуулийн дагуу шийдвэрлүүлэх байжээ. Гэтэл тухайн газраа ашиглах хүсэлтээ бичгээр гаргаагүй байхад шүүх газар ашиглах гэрээ байгуулахыг эрх бүхий байгууллагад шууд даалгаж шийдвэрлэх боломжгүй.

 

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:

https://shuukh.mn/single_case/5070?daterange=2019-01-01%20-%202023-05-14&id=1&court_cat=3&bb=1


Тоймыг бэлтгэсэн: Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Сувдмаа

. . .