-1

ХУУЛЬД ЗААСАН ШААРДЛАГА ХАНГАЖ, ТЭТГЭВЭРТ ГАРСАН ИРГЭН НЭГ УДААГИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ АВАХ ЭРХТЭЙ

2023-05-09 08:22:11    |   30

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, 2022.10.31 өдөр, Дугаар 131/ШШ2022/00669

 

Тоймын дугаар, огноо: №5, 2023 оны 05 сарын 09


Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон


Нэхэмжлэгч П.Б нь Баянхонгор аймгийн Б-сумын ЕБС-д холбогдуулан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй тусламж ******** төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4-ттөрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт энэ хуулийн 43.1.2-т заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход түүний үндсэн цалингаар тооцож нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгох бөгөөд шаардагдах зардлыг нь тухайн жилийн төсөвт тусгах..гэж тэтгэмж авах эрхийг хуулиар олгожээ. Нэхэмжлэгч нь тухайн сургуульд бага ангийн багшаар нийт 27 жил ажилласан, тэтгэвэрт гарах сүүлийн жил болохоос 5 жилийн өмнө өвчний учир ажлаас чөлөөлөгдөж, эргэн ажилдаа томилогдсоноос шалтгаалж, тэтгэвэрт гарах хугацааны сүүлийн 3 жил тасралтгүй ажилласан байх гэсэн шаардлагыг хангахгүй байх ч энэ нь хуульд заасан нийт 25 жил ажилласан гэх шалгуурт хамаарахгүй байх тул тэтгэвэрт гарахдаа нэг удаагийн буцалтгүй тэтгэмж авах эрхтэй юм.

Иймд шүүх нэхэмжлэлийг хангаж, тухайн ажилтны тэтгэвэрт гарахдаа авах нэг удаагийн буцалтгүй тусламж буюу 36 сарын цалинтай тэнцэх олговорт шаардагдах зардлыг нь тухайн жилийн төсөвт тусгахыг хариуцагч Баянхонгор аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуульд даалгаж шийдвэрлэв.


Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.


Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:

https://shuukh.mn/single_case/124486?daterange=2021-01-01%20-%202023-05-09&id=1&court_cat=1&bb=1


Тоймыг бэлтгэсэн: Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Баярцэнгэл

. . .