Цагдаагийн байгууллагатай уулзалт зохион байгууллаа.
2025-05-29 00:00:00 | 52Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газар болон Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын 2025 оны хамтарсан төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсэг, анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч нар, шүүхийн Тамгын газрын дарга нар төлөвлөгөөний биелэлтийн хэрэгжилт, түүнийг хангах ажлын хүрээнд албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажиллагааг эрчимжүүлэх, тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаар харилцан санал солилцох уулзалтыг 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр зохион байгууллаа.
Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын Цагдаагийн ахмад Д.Буян-Равжих Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсгийн ажил хариуцсан офицер, ахлагч нарын баг бүрэлдэхүүнийг танилцуулсан, Зохион байгуулалтын хэлтсийн дарга Ц.Уламбаяр хамтарсан төлөвлөгөөний хэрэгжилтийн талаарх мэдээллийг, Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Г.Мөнгөнцэцэг “Яллагдагч, шүүгдэгчийг хуяглан хүргэх, шүүхийн дуудсанаар ирэхгүй байгаа яллагдагч, шүүгдэгч, гэрч, зохигч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, шүүхээс оргон зайлсан яллагдагч, шүүгдэгч, ялтныг эрэн сурвалжлах журам”-ын хэрэгжилтийн талаарх мэдээллийг тус тус танилцуулж харилцан санал солилцож, ажлын үр дүнг хэлэлцлээ.
БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР