Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид шүүхийн үйл ажиллагаатай танилцав.
2025-05-23 00:00:00 | 67Ерөнхий боловсролын Номундалай сургуулийн Б.Мөнхбат багштай нийгмийн ухааны ангийн 10 дугаар ангийн сурагчид 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа. Сурагчдад Баянхонгор аймгийн шүүхэд ирүүлсэн өргөдөл, гомдол хүлээн авах, хэрэг маргааныг хуваарилах үйл явц, бичиг хэргийн бүртгэл болон шүүхийн үндсэн үйл ажиллагааны талаарх мэдээллийг Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сувдмаа өгч, чөлөөт ярилцлага зохион байгуулж, тус арга хэмжээнд Баянхонгор аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сайнбилэг нар оролцож, сурагчид сонирхсон асуултаа асууж, халуун дулан яриа өрнүүллээ. Үүний дараа Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ албан өрөөндөө сурагчдыг хүлээн авч, цаашдынх нь хичээл сурлагад өндөр амжилт хүсэж байгаагаа илэрхийллээ.
Мөн сурагчдад мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Ариунболд Баянхонгор аймгийн шүүхэд ирүүлсэн өргөдөл, гомдол хүлээн авах, хэрэг маргааныг хуваарилах үйл явц, системийн талаар, Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагч Н.Гантулга сурагчдад эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагааны талаар тус тус танилцуулсан бөгөөд үйл ажиллагааны төгсгөлд Баянхонгор аймгийн шүүхийн эрүү, иргэний хэргийн хуралдааны танхимын үйл ажиллагаатай танилцлаа.
Уг үйл ажиллагаа нь сурагчдад шүүхийн үйл ажиллагаа, бодлого, зарчим, онцлогийг таниулсан, ирээдүйд шүүгч, хуульч болох хүсэлтэй хүүхдүүдэд урам зориг өгсөн ажил болсон гэдгээрээ онцлог боллоо.