“ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН” ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-12-18 00:00:00 | 73Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Батаагийн Гэрэлмаа нь өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрч Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөнтэй холбогдуулан “Хүндэтгэлийн хуралдаан”-ыг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа.
“Хүндэтгэлийн хуралдаан”-ыг шүүхийн Тамгын газрын дарга М.Майжаргал нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонсгож шүүгчийн өмсгөл тайлах, алх цохих ёслолын ажиллагааг зохион байгууллаа.
Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа нь ирсэн зочид, төлөөлөгчдөд хандаж сэтгэлийн үгээ илэрхийлж, шүүхийн Тамгын газраас бэлтгэсэн шүүгчийн ажил, амьдралын товч намтар бичлэгийг зочид, төлөөлөгчдөд толилуулав.
Ийнхүү нэгэн цаг үед хамтран ажиллаж байсан шүүгчид дурсгалын зүйл гардуулж, Монгол Улсын Төрийн дуулал эгшиглүүлж, дурсгалын зураг татуулснаар “Хүндэтгэлийн хуралдаан” ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.
Эрхэм шүүгчдээ цаашдын амьдралд нь эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР