-1

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН АХЛАХ АНГИЙН СУРАГЧИД ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2024-05-30 00:00:00    |   15

Тус шүүхийн Тамгын газар, Монголын Шүүгчдийн Холбооны Баянхонгор аймаг дахь салбар хороотой хамтран шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод хүргэх, эрх зүйн мэдлэг түгээх, шүүхийн талаарх зөв ойлголт, хандлагыг бий болгох, сурагчдын мэргэжил сонголтод дэмжлэг үзүүлэх зорилгоор “Нээлттэй шүүх” өдөрлөгийг аймгийн Ерөнхий боловсролын “Эрдэнэмандал” ахлах сургуулийн Х.Очирхуяг багштай 12В ангийн сурагчдыг хамруулан 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр зохион байгууллаа.

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа өдөрлөгийг нээж, сурагчдад мэргэжил сонголт, шүүхийн үйл ажиллагааны онцлогийг танилцуулж, Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг сурагчдад шүүхийн тухай ойлголт, хуульчийн ажил мэргэжлийн онцлог, эрх зүйч, хуульч хүний эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, шүүгчийн ажлын онцлогийн талаар нээлттэй ярилцаж, сурагчдын сонирхсон асуултад хариуллаа. Шүүгч нараас сурагчдын сонирхлын дагуу хуулийн бурхан “Фемида”-гийн бэлгэдлийн талаар тайлбарлаж, сонирхолтой яриа өрнүүлж, “Үндсэн хуулийн үзэл баримтлал” номыг тус ангийн хамт олонд бэлгэлэв.

Сурагчид шүүхийн байр, шүүх хуралдааны танхим, шүүгч, шүүхийн захиргааны ажилтны албан тасалгаа, шүүхийн үйл ажиллагаатай танилцсанаас гадна Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд ажиглагчаар оролцсон болно. Өдөрлөгийн үеэр сурагчид шүүхийн үйл ажиллагаатай танилцаж, нээлттэй шүүх өдөрлөгт оролцсондоо баяртай байгаагаа илэрхийллээ.

. . .