-1

НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ ЭРХГҮЙ ЭТГЭЭДИЙН НЭХЭМЖЛЭЛИЙГ ШҮҮХ ХҮЛЭЭН АВАХГҮЙ

2023-07-24 09:35:27    |   26

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх


Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: 2023.06.29, 111/ШЗ2023/0261


Тоймын дугаар, огноо: 6, 2023.07.24


Шүүгчийн захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон


Санамж: \"Энэхүү тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүгчийн захирамж/шүүхийн тогтоолыг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.”


\"Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 36 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтын 7 дахь хэсэг, Баянхонгор аймгийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн А/424 дүгээр захирамжийн Л-д 19200 м2 газарт Эко хаус-ын зориулалтаар эзэмшүүлсэн хэсгийг тус тус хүчингүй болгуулах”шаардлага бүхий нэхэмжлэлийг Баянхонгор сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Б гаргасан.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д \"Нутгийн өөрийн удирдлагын байгууллагуудын нийтлэг ашиг сонирхлыг илэрхийлэх, хууль тогтоомжийн төсөл болон орон нутгийн төсөв боловсруулах, нутгийн удирдлагад чиг үүрэг шилжүүлэх, Засгийн газраас нутгийн удирдлагатай холбоотой асуудлаар шийдвэр гаргах ажиллагаанд Засгийн газартай хэлэлцээр хийх, нутгийн удирдлагын байгууллагын өмнөөс шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах чиг үүрэг бүхий нийтийн эрх зүйн этгээдийн эрх эдлэх төлөөллийн байгууллага байна.” гэж заасан.

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн \"Дүрэм батлах тухай” 401 дүгээр тогтоолын хавсралтын 3 дугаар зүйлийн 3.1.3-т \"нутгийн удирдлагын байгууллагын өмнөөс шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах” чиг үүргийг төлөөллийн байгууллагын үндсэн чиг үүрэгт хамааруулан журамласан байна.

Эдгээр хууль тогтоомжид дээрх асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг Төлөөллийн байгууллагад олгосон тул нэхэмжлэгч Баянхонгор сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Б нь нийтийн эрх ашгийн төлөөлж нэхэмжлэл гаргах эрх олгогдоогүй тул шүүх \"...нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд” гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.


Тоймыг бэлтгэсэн: Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсайхан


. . .