-1

ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ МЭРГЭЖЛИЙН АЛДААГ ГЭМТ ХЭРЭГТ ТООЦОХГҮЙ

2023-03-30 08:42:52    |   32

Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022.12.02 №218 Шт


Шүүхийн шийдвэрийн тойм: 2023.03.30 №03


Шийдвэрийн төлөв: Хуулийн хүчин төгөлдөр болсон


Санамж: \"Энэхүү шийдвэр нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”


Б аймгийн Прокурорын газраас Б аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч Л-д холбогдуулж жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байхдаа барилгаас унаж эрүүл мэнддээ хүнд хохирол авсан Б-г үзүүлэхээр ирэхэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх үүргээ зохих ёсоор /өвчтөний өвчний оношийг зөв тогтоогоогүй, анхан шатны бүртгэлийн маягтыг хөтлөөгүй/ биелүүлээгүйгээс хохирогчийн амь нас хохирсон гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.

Шүүгдэгч Л-ийн үйлдэлд тухайн гэмт хэргийн объектив шинжид хамаарах эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, өөрөөр хэлбэл эрхэлсэн ажилдаа хайхрамжгүй хандаж өвчтөний амь нас, эрүүл мэндийг аврах, түүнийг эмчлэх, өвчин шаналал, зовуурийг нь хөнгөвчлөх талаар шаардлагатай арга хэмжээ аваагүй, эсхүл өвчтөнд тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.

Тодруулбал хохирогч Б нь өөрт учирсан гэмтлийг шүүгдэгч Л-ийн буруутай үйлдлийн улмаас аваагүй барилгаас унасны улмаас гэмтэл авч эмнэлэгт хандсан бөгөөд шүүгдэгч Л-ийн үйлдэлтэй шалтгаант холбоотойн улмаас гэмтэл учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, харин шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үйлчлүүлэгчийн оношийг зөв тогтоогоогүй, холбогдох анхан шатны бүртгэлийн маягтыг хөтлөөгүй зэрэг нь мэргэжлийн алдаа гэж үзнэ.

Иймд өвчтөний өвчний оношийг зөв тогтоогоогүй, анхан шатны бүртгэлийн маягтыг хөтлөөгүй зэрэг эмчийн мэргэжлийн алдааг гэмт хэрэгт тооцох боломжгүй, хохирогчид учирсан гэмтлүүд түүний нас барахад шалтгаалсан цээжний гэмтлийн дараах хүндрэл, уушгины хатгаа зэрэг нь шүүгдэгч Л-ийн үйлдэл, эс үйлдэхүйтэй хамааралгүй, шүүгдэгчийн үйлдэл\"Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэргийн шинжийг агуулаагүй байх тул Л-д холбогдох хэргийг \"Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.


Шүүхийн шийдвэрийг бүтнээр нь үзэх цахим холбоос: ЭНД дарж үзнэ үү.


Тоймыг бэлтгэсэн:Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа

. . .