-1

ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ГАЗАР ЭЗЭМШИХ ӨРГӨДЛИЙГ ХУУЛЬД ЗААСАН ХУГАЦААНД ШИЙДВЭРЛЭХ ҮҮРЭГТЭЙ

2023-03-17 03:49:17    |   29

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх


Шүүхийн шийдвэрийн дугаар: 111/ШШ2021/0001


Шийдвэрийн тоймын дугаар огноо: №03, 2023.03.15


Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон


Санамж: \"Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

 

Бөмбөгөр сумын Засаг дарга нь \"Хадны нурууны хүнхэр” нэртэй газарт С-д хаваржааны зориулалтаар газар эзэмшүүлсэн байна.

Нэхэмжлэгч Ж нь уг захирамжийг эс зөвшөөрч, надад ”Хадны нурууны умгар” нэртэй газарт өвөлжөөний зориулалтаар газар эзэмшүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмшүүлсэн шийдвэр гаргахыг даалгах нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нь \"манай суманд \"Хадны нурууны хүнхэр” нэртэй газар байхгүй харин \"Хадны нурууны умгар” гэдэг нэртэй газар байдаг, энэ газарт манайх өвөлжөөд олон жил болж байна, бид удаа дараа өвөлжөөний зориулалтаар эзэмших хүсэлтээ гаргасан боловч эзэмшүүлэх захирамж гаргаж өгдөггүй хэр нь С-д хаваржааны зориулалтаар газрын нэрийг өөрчлөн эзэмшүүлсэн байна” гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

\"Хадны нурууны хүнхэр” нэртэй газар нь ”Хадны нурууны умгар” гэдэг нэртэй газар биш бөгөөд \"Хадны нурууны хүнхэр” нэртэй газрыг иргэн С-д эзэмшүүлсэн нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Харин нэхэмжлэгч Ж нь ”Хадны нурууны умгар” гэдэг нэртэй газарт олон жил өвөлжиж байсан, энэ өвөлжөөг эзэмшиж авах талаар удаа дараа өргөдөл гаргаж байсан боловч түүний өргөдлийг хүлээн аваагүй, хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй нь, Газрын тухай хуулийг зөрчсөн, захиргааны байгууллагын буруу байна. Иймээс Бөмбөгөр сумын засаг дарга нь \"Хадны нурууны умгар” гэдэг нэртэй газарт өвөлжөөний зориулалтаар нэхэмжлэгч Ж-д газар эзэмшүүлэх тухай захирамж гаргахыг даалгажээ.


Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: ЭНД дарж үзнэ үү.


Тоймыг бэлтгэсэн: Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сайнбилэг

. . .