Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой.

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ДШМ/07 дугаар магадлал
Шүүхийн шийдвэрийн тойм-1
Шийдвэрийн төлөв- Хүчин төгөлдөр болсон

Санамж: “Энэхүү хураангуй нь бүрэн гүйцэт шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно”

Тоймын агуулга: Шүүгдэгч Ч.Б нь 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ... тоот хохирогч А.Ө-ын гэрээс түүний эзэмшил, өмчлөлийн печ, хуушуур шарагч зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч түүнд 380,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна. Анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаад:
Эрүүгийн хуульд “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно...гэсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэж тодорхойлсон.
Шүүгдэгч Ч.Б-ийн үйлдсэн хулгайлах гэмт хэрэг нь дээр дурдсан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүгдэгч нь энэ гэмт хэрэгт холбогдсон цагаасаа эхлэн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан болох нь анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Ч.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан 6 сарын хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэх боломжтой гэж дүгнэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
- Анхан шатны шүүхийн 2025 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоол

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.