Жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ДШМ/11 дүгээр магадлал
Шүүхийн шийдвэрийн тойм-2
Шийдвэрийн төлөв- Хүчин төгөлдөр болсон
Санамж: “Энэхүү хураангуй нь бүрэн гүйцэт шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно”

Тоймын агуулга: Шүүгдэгч Б.Н нь урьд согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан байх хугацаанд дахин согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, Баянхонгор сумын 10 дугаар багийн төв зам дагуу замын хөдөлгөөнд оролцож явсан ... улсын дугаартай Б.П-ын жолоодон явсан тээврийн хэрэгслийг мөргөж 14,869,000 төгрөгийн хохирол учруулан, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогдсон байна.

Анхан шатны шүүх Шүүгдэгч Б.Н-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэжээ.

Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаад:
Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан ял шийтгэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэм бурууд тохирсон гэж үзэн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн.

Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг судлахад Жолооч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ энэ хугацаанд согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодвол үүсэх нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн, уг хор уршгийг хүсээгүй боловч түүнд зориуд хүргэж, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байгаа нь эрүүгийн хариуцлагад татагдах, ял шийтгэл авах нөхцөл болжээ.

Эрүүгийн хуульд “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно…гэжээ.
- Анхан шатны шүүхийн 2025 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоол

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.