ХУВЬ ХҮН, ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ОНОГДУУЛАХ ШИЙТГЭЛ ЯЛГААТАЙ

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх

Шүүгчийн захирамж:111/ШШ2024/0041

Шийдвэрийн тоймын дугаар, огноо: №04, 2024.10.17

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Б аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын хүнсний чанар стандартын улсын байцаагч Ч нь шийтгэлийн хуудсаар “А” талх, нарийн боовны цехийн эзэн Э-д холбогдуулан тус цехэд төлөвлөгөөт хяналт шалгалт хийж, “дотоод журам тогтоож мөрдүүлээгүй” гэсэн үндэслэлээр зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

Хяналтын прокурор Н дээрх улсын байцаагчийн зөрчлийн хэргийн материалыг хянаад эрх бүхий албан тушаалтныг “А” талх, нарийн боовны цехийн эзэн Э-д шийтгэл оногдуулахдаа “холбогдогч нь хуулийн этгээд, хувь хүн болохыг хангалттай нотлон тогтоогоогүйн улмаас хуулийн этгээдэд хариуцлага оногдуулах боломжтой байхад, тухайн зөрчлийг хувь хүн гаргасан мэтээр шийтгэл оногдуулсан” нь хуулийг ноцтой зөрчсөн, энэ нь хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзжээ.

Хариуцагч эрх бүхий албан тушаалтан нь шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гаргасан Прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснөөр шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Тоймыг бэлтгэсэн: Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сувдмаа

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.